УРАН БҮТЭЭЛЧ БАГШ СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР БЕРЛИН ХОТНОО

Монгол уран бүтээлч У.Одмаа, Б.Намуун нар нэг сарын хугацаанд тус бүр Берлин хотын JKS CW хүүхэд, залуучуудын урлагийн сургуулийн гурван зуун сурагчдийг хамарсан хамтарсан төсөл хэрэгжүүлэв.


Уран бүтээлч У.Одмаа нь “Хайрлая Тоглоё” концептынхоо хүрээнд JKS CW урлагийн сургуулийн сурагч хүүхэд, залуучуудтай хамтран урласан 300 гаруй шаазан хонхыг 3 метр өндөр Будда-гийн хэлбэр бүхий төмөр баримлаас өлгөсөн “Хонхны чимээ” инстоляциа Берлин хотын төв Курфюрстендамм гудамжинд байрлуулж олноо толилуулав. Монголд хүүхдийн хонх нь ихээхэн утга агуулгатай байдаг: Нүүдэлчний соёлд хөлд орж байгаа хүүхдийн гуталд бөөрөнхий хонх зүүж өгдөг уламжлалтай. Хонхны чимээгээр хүүхдийн хаа явааг мэдэхээс гадна газар дэлхий дээр анхны мөрөө гаргаж байгааг илэрхийлдэг. Тэрхүү хонхтой бойтгийг тухайн хүний хамгийн өхөөрдөм нандин цаг үеийнх нь дурсгал болгож эцэг эх нь хадгалах ёс түгээмэл байдаг. Хонх дуугарах нь хүүхдүүдийг аюулаас урьдчилан сэргийлэх чимээ болж өгдөг. Энэхүү инстоляцийн төсөлд хонх нь хүүхдэд анхаарал хандуулах, хүүхдийг хайрлан халамжлах бэлгэдэл болгон тусгагджээ. Хүүхэд, залуучуудын хийсэн олон янзын шаазан хонхыг биенээсээ өлгөн суугаа Будда хэлбэрийн баримал нь нэг талаас залуу хүний хүч чадал, хөнгөмсөг байдлыг илэрхийлж, нөгөөтэйгүүр үзэгчдэд сайхан цаг үе, дотоод эрч хүч, эв нэгдлийн тусгалыг харуулжээ.

Уран бүтээлч Б.Намууны “Овоо”-ны монгол уламжлалт ёс, агуулга, утга учрыг хүүхэд, залуучууд, өсвөр үеийнхэн төдийгүй урлагийн сургуулийн багш нарт тайлбарлаж JKS CW урлагийн сургуулийн орох хаалганы урд гудамжинд тус сургуулийн хүүхдүүдтэй хамтран үйлдлийн урлагаар “Овоо”инстоляцаа туурвив. Улмаар дараа дараагийн долоо хоногуудад сургуулийн хүүхдүүд тус инстоляцийг үргэлжлүүлэн чулуун дээр хүслээ бичин шивнэж, овоог нар зөв 3 тойрон, овоонд чулуугаа нэмсэнээр хүсэл нь биелдэг монгол уламжлалыг даган гүйцэтгэсэн ба овооны инстоляцийн хажуугаар өнгөрөх хэн бүхэнд нүүдэлчдийн соёл, уламжлалыг дахин дахин санагдуулна.

ODMAA Uranchimeg

У.Одмаагийн уран бүтээлүүдэд хөдөлгөөн ба тэнцвэр нь хамгийн төгс балансыг илэрхийлдэг. Бидний харж байгаа бүх зүйл, үл үзэгдэх зүйлс ч мөнхийн хөдөлгөөнд байдаг. Тэрээр хамгийн сүүлийн бүтээлдээ Буддагийн дүр төрхийг ашиглаж хүний мөн чанарыг илэрхийлсэн байна. Тэрээр бүтээлийнхээ талаар “Бүх зүйлийг хөдөлгөөнөөр бий болгодог. Бидний эргэн тойронд үл үзэгдэх хөдөлгөөн, өөрчлөлт, шилжилт хөдөлгөөн байдаг. Бидний мөн чанар, нийгэм, уламжлал, бүх зүйл хөдөлж, хувьсан өөрчлөгдөж байдаг. Орчин үед бүх зүйл маш хурдацтай өрнөж байна. Аж үйлдвэржилт нь дэлхийн дулаарлыг дагуулж ирсэн бөгөөд бид дулаарлыг сөрж, түүнтэй хамт амьдрах арга замыг хайж байна. Манай дэлхий ердийн үед өөрөө нөхөн төлжиж, дотоод болон гадаад тэнцвэрийг бий болгодог боловч хүмүүс энэхүү тэнцвэрийг алдагдуулдаг. Бид эх дэлхийд өөрийгөө нөхөн сэргээх боломжийг өгөх ёстой. Бид нүүдэлчин соёл иргэншлээсээ байгалиа дагаж амьдрах гарцыг олж чадна. Уул уурхайн салбар манай нүүдэлчин соёл, орчныг сүйтгэж байгаа ч соёл өөрөө оршин тогтнох хүчтэй. "

1980 онд төрсөн У.Одмаа нь 1999 онд “Ногоон морь” дүрслэх урлагийн сургууль, 2010 онд Соёл урлагийн их сургуулийн керамик урлалын анги, 2012 онд МУБИС-ийн магистрантурт тус тус сурч төгссөн. 1999 оноос хойш Орос, Солонгос, Монгол, Япон, Румын, Герман зэрэг олон улс орнуудад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгүүд гаргасан. Тухайлбал, 1999 он “Цагаан урсгал” эмэгтэйчүүдийн группын үзэсгэлэн, 2004 он Монгол-Солонгос керамикчдын хамтарсан үзэсгэлэн, 2005-2014 оны Эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн УЭХороо, 2018 он “Land Art Mongolia 3600 биенналь, 2018 Улаанбаатар Арт фестиваль, 2019 НордАрт Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн гэх мэт.

Батмөнхийн НАМУУН

1988 онд Монголд төрсөн уран бүтээлч Б.Намуун нь Мюнстерийн Урлагийн Академид Профессор Хохенбюхлерийн удирдлага дор дүрслэх урлагийн ангид суралцаж төгссөн. Б.Намуун нь Германы Мюнстер хотноо объект, инстоляцийн залуу уран бүтээлчээр ажиллаж амьдардаг. Тэрээр өөрийн бүтээлдээ амьдрал дээрх өдөр тутмын хэрэглээний объект, багаж хэрэгслийг санаанд оромгүй байдлаар байрлуулж юмс хоорондын харилцаа холбоо, ойлголтыг судалж үздэг. Ахуйн энгийн эд хогшлууд монголын нийгэмд соёлын асар их үнэ цэнэтэй байдаг нь түүний сонирхлыг татдаг. Тэрбээр уран бүтээлдээ өдөр тутмын болон тахилга шүтээний зүйлсийг түлхүү тусган ашигладаг. Магадгүй тэрээр төрөлх гэрээсээ хол барууны оронд ажиллаж амьдарч байгаа болохоор, өөр өв соёлоо илүү санагалздаг байж болох юм.


Тэрээр 2012-2014 онд Мюнстер хотын Урлагийн академийн "Аялал" үзэсгэлэн, 2013 онд ХБНГУ-ын Реда-Вийдэнбрюк хотын Хоффман галерейн зохион байгуулсан "Явж байна" – Монголын орчин үеийн урлагийн үзэсгэлэн , НордАрт 2015 – Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэн дэх Монголын бие даасан павильон “Орчин үеийн шилжилт – шинэ дүр төрх” болон НордАрт 2019 – Олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнгийн Монголын Павильоны “ Хөрсөд оршихуй – Хүршгүйтэй учрахуй” үзэсгэлэнд тус тус уран бүтээлчээр оролцсон.

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ, ДЭМЖЛЭГТ ОНЦГОЙ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMN