БЕРЛИНИЙ АГААРЫН ГҮҮРИЙН ТҮҮХЭЭС

Хүүхдийн орчин үеийн бүжгэн жүжиг

2019 оны 05 дугаар сард ХБНГУ-ын төрийн соёрхолт, уран сайхны удирдагч, бүжиг дэглээч Фолкер Эйзенах нь урилгаар Улаанбаатар хотноо хоёр долоо хоногийн хугацаатай айлчлав. Тэрээр PASCH-Герман-Монголын түнш сургуулиудын 30 сурагч, Бадмаараг ахлах сургуулийн мэргэжлийн 8 залуу бүжигчдийг хамруулсан “Берлиний агаарын гүүрийн түүхээс” хүүхдийн орчин үеийн бүжгэн жүжгийг дэглэж, тоглолтыг Улаанбаатар чуулгын тайзнаа амжилттай толилуулав. 600 гаруй үзэгч, хүүхэд залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, төслийн түншүүд, ивээн тэтгэгчид тоглолтыг үзэж сонирхсон бөгөөд үзэгчдийн сэтгэлд ихэд нийцсэн билээ.

Төслийн зорилго нь орчин үеийн бүжгээр дамжуулан хүүхэд залуучуудад урлаг, гоо зүйн боловсрол олгох, дэлхийн түүхээс суралцах боломжийг олгох замаар 2 орны хэл, соёл, урлагийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршино. “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” бүжгэн жүжгийн бэлтгэлийн явцад хамрагдсан хүүхдүүд маань дэлхийн түүхийн нэгээхэн хэсэг болох хүйтэн дайны үеийн үйл явцтай богино хугацаанд танилцан мэдэрсэн юм. Ялангуяа, тухайн үеийн “чихэр үзмээр бөмбөгдөгчид”-ийн тухай түүх хүүхдүүдийн сонирхлыг ихээр татаж байв.

Түүнчлэн, Фолкер Эйзенах нь монголын мэргэжлийн залуу бүжигчдэд зориулан орчин үеийн бүжгийн хандлагыг танилцуулсан тусгай мастер ангийн хичээл заав.

Уг төслийг Монгол Улс, ХБНГУ-н хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил, Берлиний Агаарын Гүүрийн 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяагийн санаачлагаар Монголын Урлагийн Зөвлөл; Соёл, урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө ТББ хамтран зохион байгуулсан юм. 2019 оны 05-р сарын 06-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай хэрэгжсэн “Берлиний Агаарын Гүүрийн Түүхээс” хүүхдийн бүжгэн жүжгийн төслийн албан түншээр Монгол Улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ; ивээн тэтгэгчээр ХБНГУ-ын Гадаад Харилцааны Яам, ПАШ-Түнш Сургуулиудын хөтөлбөр, Конрад Аденауэр сан; дэмжигч байгууллагаар Бадмаараг ахлах сургууль болон Улаанбаатар чуулга тус тус хамтран ажиллав.

Фолкер Эйзенах Бүжиг дэглээч, уран сайхны удирдагч

Уран сайхны удирдагч Волкер Эйзенах чөлөөт бүжиг дэглээч, зохиолч, найруулагчаар Берлин хотноо ажиллаж амьдардаг. Тэрээр Faster-Than-Light-Dance-Company-ийн уран сайхны удирдагч бөгөөд FTL олон тооны бүжиг дэглэлт, тайзны урлагийн бүтээлээс гадна Берлиний филармони, Carnegie Hall, Bregenz Festival, Vienna Festival, Зимбабве Улсын Harare International Festival of the Arts, Opera Neukölln, Bach-Days Halle, Дани улсын International Music Festival Holstebro болон Berlin Cathedral-ийн “Jedermann”-Theatre-Festival зэрэгт ажиллахын сацуу сургууль, олон нийтэд чиглэсэн бүжгийн төслүүд дээр ажиллаж, олон арван орчин үеийн бүжиг дэглэсэн туршлагатай уран сайхны удирдаач юм. Түүнчлэн Берлиний филармоникийн урлагийн боловсролын “Ариун хаврын тахилга” “Энэ бол Хэмнэл! зэрэг олон төслүүдэд Фолкер Эйзенах нь бүжиг дэглээч, туслах найруулагчаар ажиллаж байжээ.


Волкер Эйзенах нь сонгодог ба орчин үеийн бүжгийн Рамберт сургууль, Лондонгийн эзэн хааны бүжгийн багшийн нийгэмлэгийг тус тус дүүргэсэн. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нь түүний нийгэмд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэн, ХБНГУ-ын улаан загалмайт одонгоор шагнасан. Түүний уран бүтээлийн гол зорилго нь бүжиг, тайзны урлагтай ойр бус хүүхэд, залуучуудыг илүү өргөнөөр хамруулах, илүү ойртуулахад оршино.

ТӨСЛИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ТҮНШҮҮД


ХАМТЫН АЖИЛЛАГАА, ТҮНШЛЭЛ, ДЭМЖЛЭГТ ОНЦГОЙ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭХ НЬ:

mnMN